ОДДЫН ЖААЛ АМИ 7-Р БҮЛЭГ

ГАЗАР ҮЗСЭН НЬ
Бид алсын тэнгис рүү чиглэж, хэдэн хормын дотор түүн дээгүүр нисэн ирэв. Тэнгисийг гатлахад доор хэдэн арал үзэгдэнэ. Бид Японы дээр ирж, Токио хотын тэнгэрт буулаа. Шовх оройтой байшингууд биднийг угтана гэж бодож байсан надад тэнгэр баганадсан барилгууд, орчин цагийн өргөн чөлөөнүүд, цэцэрлэгт хүрээлэн, машинууд үзэгдлээ.
“Бид харагдаж байна.” Ами хяналтын самбарны ассан гэрэл рүү дохилоо.
Гудамжинд хүмүүс бидэн рүү толгойгоо эргүүлэн ийш тийш гүйлдэв. Олон өнгөт гадаад гэрэл дахин нэг удаа аслаа. Бид нилээд өндөрт дүүлж байв. Бид энд хоёрхон минут л саатсан юм.
“Бас нэг “Биднийг дахин шилжүүлэх нь.”
Өдрийн гэрэл аажмаар бүдгэрэв. Цонхны гадна зөвхөн одод л анивчив.
Доор хараад байх зүйл ховор байлаа. Алс тэртээ харагдах жижигхэн хот, цөөн хэдэн гэрэл, зам дээр өнгөрч явах ганц машин.
Амигийн урд байгаа дэлгэц рүү би дөхөж очлоо. Түүн дээр төгс гэрэлтүүлэгтэй бүхэл бүтэн дүр
зураг харагдав. Харанхуйн улмаас эхлээд харахад үзэгдэхгүй байсан зүйлс дэлгэц дээр маш тод байв. Өдөр шиг гэгээтэй байж, ногоон машин, дотор нь хос явж байгаа нь надад тодорхой байв. Хяналтын самбарын ёсоор бид 18 футын өндөрт байсан ба бид харагдаж байв.
Үүнээс хойш би энэ дэлгэцийн үр шимийг хүртэхээр шийдлээ. Дүрс нь бодит байдлаас илүү тод байсан юм.
Машин бид нараас холгүй хүрч ирэхэд жолооч нь машинаа зам дагуу зогсоолоо.
Түүний эзэд машинаасаа гарч, царайгаа муруйлган бидэн рүү харж, дохиж занган орилж байв.
“Тэд юу ярьж байна вэ?”
“Тэд холбоо барихыг хүсч байна. Тэд нисдэг таваг судлагч оюутнууд. Тэдний сонирхол бага зэрэг аз сорисон. Тэд харь гарагийнхны шүтэн бишрэгчид гэж хэлж болно.”
“Тэгвэл тэдэнтэй харилцъя.” Тэдний аягалж байгаа байдалд санаа зовлоо.
Дараа нь тэд өвдөг сөгдөж, сансрын хөлөг рүү харан залбирч эхлэв.
“Би чадахгүй. Тусламжийн төлөвлөгөөний хатуу журмыг сахих хэрэгтэй. Хэн нэгний хүссэнээр харьцаа тогтоогддоггүй. Дээр ингэж шийдсэн тохиолдолд л… хүсэлтээ зохих ёсоор яаж гаргахаа мэддэг тохиолдолд л… Бас энэ хос биднийг бурхад гэж ойлгожээ.”
“Энд буруу юу байна?”
“Зөвхөн Бүтээгч л өөрийгөө Бүтээгч гэж үздэг. Орчлон дээр ямарч бүтээлийг Бүтээгч шиг шүтэх нь жимсийг модтой зөрчилдүүлж байгаа хэрэг…”
“Энд ноцтой зүйл юу байна?”
“Эдгээр зүйлсийн талаар мэдэх зүйлээр маруухан хүнд энэ нь тийм ноцтой зүйл биш. Харин эдгээр хүмүүсийн эндүү шашинлаг байдалд Бүтээгчы байр суурийг булаахыг оролдох нь маш ноцтой асуудал. Тэд биднийг илүү дэвшингүй ахан дүүс гэж үзвэл энэ нь огт өөр хэрэг болно.”
Ами энэ хосод тэднийг андуурч байгааг харуулах учиртай гэж надад санагдлаа. Тэр миний бодож байгааг мэдээд “Жим ээ, Орчлонгийн бүх хөгжөөгүй ертөнцүүдийн бүх оршин суугчдийн алдаа дутагдлыг засаж явж бид чадахгүй, тэр тусмаа тэд хэдийнэ олон зүйлсийг тодруулж өгдөг судар номтой байгаа цагт. Бусад ертөнцүүдэд гарч буй алдаануудтай харьцуулахад энэ хоёр хүний хийж байгаа зүйл юу ч биш. Хэдийгээр аймшигт зүйлс болдог ч бид тэнд оролцож болохгүй. Энэ гарагийг оролцуулан олон гараг дээр хүмүүсийг алж тамалж байгаа.”
“Залуус та нар юу ч хийж чадахгүй юу?”
“Үгүй ээ, Жим. Бид чадахгүй.”
Энэ удаа намайг үргэлж зовоож байсан зүйлээ ил гаргаж ирэх цаг болсон шиг байв.
“ Заримдаа Бүтээгч тийм сайн биш гэж надад бодогдох юм, Ами… Яагаад тэр эдгээр зүйлс болохыг зөвшөөрсөн юм бэ?”
Тэр зогсоод, цонхоор тэнгэр рүү хараад “Жим, энэ бүхэн хувьслын төвшний асуудал. Янз бүрийн хүмүүс янз бүрийн хувьслын түвшинтэй байдагтай адил гарагууд ч мөн ийм байдаг.
Танай ертөнц тийм ч хөгжилтэй биш, харин энд бүр ч дорой буурай гарагс бий. Олон сая жилийн өмнө амьд үлдэхийн төлөө тэмцэл Дэлхий дээр маш ширүүн байсан: бүгд түрэмгий, хорлонтой байвсан. Бүгд сарвуу, хурц шүдтэй. Харин эдгээр төрөлтнүүд энэ орчинд дасан зохицож, тэдний хувьд амьдрал онцгой бусармаг санагддаггүй. Бусад төрөлтөнг хэдэн хэсэг тасчихад ямар ч асуудлыг тэд хардаггүй…”
“Бүтээгч тэгээд ийм “хайрын системыг” бүтээсэн гэж үү?”
“Сүүдрийг мэдэж байж гэрлийг эрхэмлэж чадахыг би хэдийнэ хэлсэн. Эдгээр төрөлтнүүдэд таны мэдрэмтгий байдал байхгүйг би тайлбарласан. Тийм учраас чи тэднийх шиг гараг дээр амьдрахгүй байна, тэд энэ ертөнцөд амьдрахгүй байна.”
“Яахав.”Ами Бүтээгчы сайхан сэтгэлд намайг итгүүлэхдээ амжилт олсонгүй.
“ Гэвч өнөөдөр энэ ертөнцөд хувьслын илүү дэвшингүй түвшин байгаа учраас хайр, билэг оюун нэмэгдсэн. Зөвхөн энэ шалтгаанаар амьдрал өмнөх шигээ хүнд хүчир биш, гэхдээ үүнийг хөгжингүй ертөнц гэж хэлэх арга байхгүй байна. Энд маш их бүдүүлэг байдал оршсоор байна. Яг энэ мөчид загас далайд бие биенээ амьдаар нь идэж байна. Гэвч тэдний ухамсар маш өчүүхэн тул тэд энэ талаар арай гэж тааварлаж байна.”
“Ямартаа ч энэ үнэхээр харгис хэрэг…”
“Магадгүй чамд энэ нь харгис харагдаж байгаа байх, харин загасанд бол үгүй. Тэгээд ч чи далайн ёроолд амьдраагүй. Харин илүүхэн ухамсартай байж, энэ хорвоод яг энд аймшигт зүйл хийсээр байгаа бусад төрөлтнүүд байна. Тэд үүнийгээ зөвхөн идэхийн төлөө хийдэггүй…”
Ами хяналтын самбар дээр зарим зүйлийг тохируулаад дайны дүр зураг дэлгэц дээр тодров.
Танкнаас цэргүүд байшингууд руу пуужин онилж, тэнд амьдарч байсан хүмүүсийг устгаж байв.
“Дэлхийн нэг улсад ийм зүйл яг одоо болж байна, гэхдээ бид хийж байгаагаасаа илүү зүйлийг хийж чадахгүй. Гараг, улс, хүний хөгжилд зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүүгээр хөндлөнгөөс оролцож болохгүй.”
Дэлгэц дээр салаа руу галлаж хамтад нь шийтгэж байгаа зураг үзэгдэв.
“Чи энэ телевизерээ унтрааж болох уу? Би ямарваа бусармаг зүйл харахлаар надад аймшигтай хэцүү байдаг.”
“Жим, энэ бол аймшигтай, гэхдээ юу ч үүрд алга болдоггүй, бие биенээ хайрладаг сүнснүүд бие биеэнээ дахин олдог учраас бүх зүйл сургалт байдаг. Өөрийнхөө бусад төрөлдөө, үүнээс өмнөх төрлүүддээ би араатан байж бусад араатнуудын аманд орон үхсэн юм. Дараа нь би хүн болсон, гэхдээ доогуур хувьслын түвшинтэй. Би амь хороож, өөрөө ч амиа алдаж байв. Би бусармаг байж эргээд харгислалд өртсөн. Би олон оршихуйг туулсан юм. Тэгж байж бага багаар илүү боловсон, зөөлөн аядуу амьдралаар амьдарч сурсан юм. Одоо миний амьдрал хавьгүй сайн байгаа, гэхдээ Бүтээгчы бүтээсэн хувьслын системын эсрэг би явж чадахгүй. Тэр хос Бүтээгч шиг агуу, эрхэмсэг хэн нэгэнтэй биднийг харьцуулснаар орчлонгийн хуулийг зөрчиж байна.
Тэд хүндэтгэл, хайраа Бүтээгчээс холдуулж, түүнийгээ бидэнд чиглүүлсэн. Бидний харсан цэргүүд орчлонгийн хуулийг мөн зөрчиж байна. “Бүү амь хөнөө” гэх тушаалыг нь. Энэ нь илүү ноцтой, тэгсэн ч бид оролцож болохгүй юм. Харин зовж байгаа хүмүүс Бүтээгч бусармаг байдлаас болж зовж байна гэж бүү бодоорой. Үгүй, ийм зүйл болдоггүй. Бүгд хүртэх зүйлээ хүртэж байгааг харгалзах үүргийг орчлонгийн оюун ухаан хариуцдаг. Өнөөдөр тэсрэх бөмбөгөнд өртсөн хүмүүс магадгүй урьд төрөлдөө эсвэл энэ төрөлдөө харгис байсан байх. Тэдгээр цэргүүдтэй адил. Бусдад зовлон учируулсан тэд мөн зовох учиртай, ингэснээр энэ нь ямар байдгийг мэдэж, энэ төрлийн зовлонг бусдад учруулах нь сайн биш гэдгийг мэдэх болно. Тэгээд бага багаар хайранд хөтлөгдөн үйлдэж сурах юм. Тэгж тэд өөрсдөө зовлонг бус жаргалыг хүртэх болно.”
Хосууд сансрын хөлөг доор орсон ч бид тэднийг дэлгэц дээр харж чадаж байв. Тэд хөлөг дээр тэднийг авч явахыг хүссэн юм шиг бидэн рүү гараа өргөлөө.
“Микрофоноор яриад эдгээр бүх зүйлсийг тайлбарлаж болох уу?”
“ Хувьслын тодорхой түвшинд хүрсний дараа бидний тусламжийг тухайн хүн, ертөнц авах боломжтой. Үүнгүйгээр хувьслын ерөнхий системыг зөрчсөн хэрэг болно. Харин энэ хос тэр түвшинд хүрээгүй. Дэлхийн хүн төрөлхтөн ч мөн адил…”
Амигийн хэлж байгааг би сайн ойлгохгүй байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байв. Хожим үүнийг эргэцүүлж бодоход надад илүү тодорхой болсон юм. Түүнийг явснаас хойш нилээд хойно л би ойлгосон. Зөвхөн тэр үед л би энэ талаар сонсож авсан хирээрээ түүнд ярьж өгч, тэр бичиж авсан юм.
Хос бидний хөлөг рүү хандан залбирсан ч бид тэднийг харахаас залхав.
“Сансрын оюун ухаан тэдэнд маш удаан харж үзэх бэлэг барьж байна”
“Яагаад тэр билээ?”
“Зөвхөн Сансрын оюун ухаан энэ асуултанд хариулж чадна. За тэгвэл илүү хөгжилтэй зүйл рүү харцгаая…”
Супер компютер биднийг эндээс гаргаж авахыг хүлээх зуур Ами Японы телевизор асаажээ.
Урьдын хошин шогийн мэдрэмжтэй тэрээр мэдээний суваг үзэж суув. Микрофонтой сурвалжлагч гудамжинд байсан хүмүүсээс сурвалжлага авч байлаа. Эмэгтэй яриад, тэнгэр рүү заагаад байв. Түүний хэлсэн нэг ч үгийг би ойлгосонгүй, гэхдээ тэр бидэнтэй, нисдэг тавагтай таарсан тухайгаа ярьж байна гэж таамаглав. Бусад хүмүүс үзэгдлийн талаар өөр өөрсдийн таамаглалаа дэвшүүлж байв.
“Тэд юу ярьж байна?”
“Нисдэг таваг харсан тухайгаа…Эргэн тойронд маш олон солиотой хүмүүс байх юм даа”
Дараа нь нүдний шилтэй, зангиатай хүн дэлгэцэн дээр үзэгдэж,тайлбар өгч байх зуураа самбар дээр жишиг зураг зурав. Зураг дээр нарны систем, Дэлхий, бусад гарагуудыг дүрсэлжээ. Тэр нилээд удаан ярив. Тэр хүн одон орноор мэргэшсэн японы эрдэмтэн байж таарчээ. Ами тэр хэлийг мэддэг юм шиг харагдав, учир нь тэр нэвтрүүлэг түүнд зугаатай байв. Магадгүй тэр “орчуулагч”-ийг ашигласан байх.
“Тэр юу хэлээд байна?” би дахин асуулаа.
“Гэрч баримтыг авч үзвэл Дэлхийг эс тооцвол галактикт оюун ухаант амьдрал байхгүй гэж батлагдсан… Нисдэг тавгийг харсан гэх хүмүүст хий юм үзэгдсэн тул тэдэнд мэдрэлийн эмчид хандахыг зөвлөжээ.
“Нээрээ юу?”
“Яг тийм.”
Эрдэмтэн үргэлжлүүлэн ярив.
“Одоо тэр юу ярьж байна.”
“Энүүн шиг дэвшсэн иргэншил байж болох ч түүний тооцоолсноор хоёр мянган галактик тутамд нэг байна.”
“Энэ нь юу гэсэн үг вэ?”
“Энэ галактикт сая сая иргэншлүүд байгаа ба энэ хорвоо түүхийн өмнөх гэдгийг мэдэж авсны дараа хөөрхий залуу солиорсон. Бүр одооныхоос илүү солиотой болсон гэж ярьж байна…”
Бид хамтдаа жаал инээлээ. Миний хувьд нисдэг таваг байхгүй гэж ярьж байгаа эрдэмтэнг сонсоход хөгжилтэй байв… тэгээд энэ бүхнийг нисдэг тавагнаас сонсож байна шүү дээ!
Улаан гэрэл унтарч, бид үл үзэгдэгч болсныг заах хүртэл бид хэсэг хүлээлээ.
“Бид чөлөөтэй.”
“Тэгвэл аяллаа үргэлжлүүлэх үү?”
“Мэдээж. Одоо хаашаа явмаар байна?”
За байз. Хавай руу явцгаая!”
“Тэнд шөнө болж байгаа… Хар даа!” Бид хэдийнэ ирсэн байв.
Хөлгийн гэрэлд далайн хөвөөний дагуу ургасан дал моднууд тодорлоо.
“Энэ Хавайн арал мөн үү?”
“Мэдээж.”
“Бид ийшээ дэндүү хурдан ирлээ!”
“Хурдан гэж бодож байна уу? Байзаарай… Одоо цонхоор хар даа.”
Бид маш жигтэй цөлийн дээр ирэв. Шөнө. Тэнгэр маш бүүдгэр, бараг харанхуй байв, хөхөмдөг сарны гэрлийг эс тооцвол.
“Бид хаана байна? Эргээд Аризонад уу? Сахарын цөл үү?”
“Энэ бол сар.”
“Сар аа?”
“Сар.”
Сар гэж бодож байсан тэр зүйл рүү дээшээ харлаа.”Тэгвэл энэ бол…”
“Тэр бол Дэлхий.”
“Дэлхий!”
“Дэлхий. Тэнд эмээ чинь унтаж байгаа…”
Гайхалтай. Энэ үнэхээр Дэлхий байлаа. Тод хөх өнгөтэй. Ийм жижиг зүйл ийм том олон зүйлсийг, далай тэнгис, уул нуруу, тив газруудыг багтааж байгаа нь санаанд оромгүй зүйл байлаа. Яагаад ч юм бүү мэд миний дурсамжинд байсан дүрсүүдийг харж эхэллээ. Хүүхэд насны горхи, хөвдөөр хучигдсан хана, цэцэрлэгийн зөгийнүүд, зуны орой бэлчээрт бэлчиж буй морьд… Эдгээр бүх зүйлс энэ жижиг цэнхэр бөмбөлөг дээр байв.
Гэнэт би Нар харлаа, алсын од, гэвч Дэлхий дээрээс харагдахаас илүү тод гэрэлтэйгээр нь.
“Яагаад ийм жижиг харагддаг вэ?”
“Учир нь сар агаар мандалгүй, харин агаар мандал томруулагч шил шиг үйлчилдэг. Тийм учраас Дэлхийгээс эндхийнхтэй харьцуулахад бүх зүйл том харагддаг. Гэхдээ хөлгийн тусгай шил байгаагүйсэн бол энэ жижиг Нар мөн адил шалтгаанаар чамд хор хүргэж мэднэ. Учир нь нарны хортой туяануудаар гараг дээрхи амьдралыг сүйтгүүлэхгүйн тулд тэднийг шүүдэг Дэлхийнхтэй адил агаар мандал энд байхгүй.
“Энэ шүүлтүүр нь озоны давхарга мөн үү, агаарын бохирдлоос болж алга болж байгаа давхарга мөн үү?”
“Тийм ээ, Жим. Энэ нь технологийн өндөр түвшин, билэг оюун, нинжин сэтгэлийн түвшин доогуур байгаагийн нэг үр дугавар: Орчлонгийн амьдралын хуулийг үргэлж зөрчдөг. Ухаант хүмүүс мөнгө олох нь амьдралын хамгийн чухал зүйл гэж үзэхдээ өөрийн болоод үр хүүхдийнхээ амьдралд үлдээх үр дагаварт санаа зовохгүй бол ийм л зүйлс тохиодог. Жим ээ, тэд чамд ухаалаг санагдаж байна уу?”
Миний хувьд ингэж бодох нь хэвийн сайн зүйл шиг байсан, харин Амийг асуудлын өөр талыг харуулахад би тийм ч итгэлтэй байсангүй.
“Үгүй! Тэд тэнэгтэж байна!” гэж би урамгүйхан хэлсэн. Ами инээж эхлэв.
Сарны гадарга надад таалагдсангүй. Дэлхийгээс илүү гоё мэт байсан. Эзгүй зэлүүд, бүүдгэр.
“Бид хаа нэгтээ илүү гоё газар руу явж болохгүй юу?”
“Амьдралтай юу?”
“Мэдээж! Гэхдээ аймшигт төрөлтнүүдтэй биш!”
“Тэгвэл бид хол явах хэрэгтэй.”
Тэр хяналтын самбараа хөдөлгөж, хөлөг маань зөөлөн дайвалзаж, одод гэрэлт шугамнууд болон уртсав. Дараа нь цонхны гадна гэрэл анивчуулан гэгээн гэрэлт цагаан манан үзэгдэв.
“Юу болоод байна?” би айж байлаа.
“Бид байршигдаж байна…”
“Бид хаана байршигдав?”
“Алс холын гараг дээр. Хэдэн минут л хүлээе. Одоохондоо хөгжим сонсоё.”
Тэр хяналтын самбар дээрхи товчлуурыг дарав. Тасалгааг жигтэй зөөлөн дуу аялгуу дүүргэв. Миний найз нүдээ аниад, тэр аялгууг баясан сонсоход бэлэн болов. Дуу чимээ нь маш сонин байв. Маш намуухан тасралтгүй хэлбэлзэл удирдлагийн өрөөг донсолгов. Дараа нь бас нэг өндөр ноот гэнэт тасарч, аниргүй байдал хэдэн минут үргэлжлэв.
Үүний дараа өндөр, нам ноотнууд ар араасаа хурдан сонсогдов. Дахин хамгийн нам ноот бага багаар чангарч, жижиг хонхнууд, хүрхрээн дуу тасралтгүй өөрчлөгдөх хэмнэлийг тодорхойлов. Ами шагшиж байв. Тэр энэ “аялгуу”-г маш сайн мэдэж байх шиг байв, учир нь тэр уруул, гарын хөдөлгөөнөөр дуунаас урьтаж байв.
Би түүнийг тасалдуулахыг хүсэхгүй байв, гэхдээ надад тэр “дуу” нэг хэсэг таалагдахгүй байв.
“Ами” гэж би түүнийг дуудлаа. Тэр хариулсангүй. Радионы шуугиан шиг сонсогдох дуун дээр тэр төвлөрсөн байв.
“Ами” гээд би чангаар хэллээ.
“Өө! Уучлаарай!… Яасан?”
“Уучлаарай, гэвч надад энэ таалагдахгүй байна.”
“Өө, мэдээж. Энэ хэвийн зүйл. Энэ аялгуунд баясахын тулд авшиг хүртэх учиртай… Чамд илүү танил дуу хөгжмийг хайя даа.”
Тэр хяналтын самбарын өөр нэг товчлуурыг нудрав. Жаргалтай хэмнэлтэй аялгуу гарахад надад шууд таалагдсан. Гоцлол хөгжим нь өндөр хурдтай явж байгаа хуучны зүтгүүрийн яндан шиг сонсогдоно.
“Ямар сайхан юм бэ!… Галт тэрэг шиг сонсогдож байгаа энэ ямар зэмсэг вэ?”
“Ээ Тэнгэр минь!” гэж айсан дүр үзүүлэн Ами дуу алдлаа. Галт тэрэгний гаргадаг чимээгээр манай гарагийн хамгийн онцгой хоолой, маш сайхан дуу хоолойг гутааж, доромжиллоо!”
“Уучлаарай. Гуй… Би мэдээгүй…Гэхдээ энэ үнэхээр сайхан амьсгаадалт.” Оймсоо татан хэллээ.
“Бүтээгч шүтээнийг бузарлагч! Буруу номтон!” Тэр миний үснээс зулгаах гэж байгаа юм шиг жүжиглэв. ”Миний ертөнцийн ялгуусан нэгэнд яаж ингэж хэлж чадаж байна аа… амьсгаадалт гэнэ шүү!”
Бид бөөн инээд болцгоов.
Энэ хөгжим доор бүжиглэмээр байна.
“Энэ нь үүнд л зориулагдсан. Бүжиглэцгээе!”
Тэр сандал дээрээс үсрээд, гараараа алга ташин жаргалтай бүжиглэж эхлэв.
“Бүжиглэе! Бүжиглэе! Өөрийгөө сул тавь. Чи бүжиглэхийг хүсдэг, гэхдээ чиний энэ хэсэг үүнийг хийх боломжийг чамд өгдөггүй… Өөрөөрөө байх эрх чөлөөг эзэмших сурахыг хичээ.
Өөрийгөө чөлөөл…
Би хулчгар зангаа хойш нь тавиад, бүжгэндээ уусав.
“Баяр хүргэе!”
Бид удаан бүжиглэлээ. Надад үнэхээр сайхан байлаа. Далайн хөвөөн дээгүүр гүйж, үсэрч байсан шиг сайхан.
Хулчгар зангийн минь хааж боосон зүйлсийг илэрхийлэхэд Ами надад тусалсан. Дараа нь хөгжим зогслоо.
“Одоо жаахан амсхий” гэж хэлээд тэрээр хяналтын самбар руу хөдлөв. Тэр өөр товчлуур дараад сонгодог хөгжим сонсогдов. Надад танил санагдлаа.
“Сонс доо, энэ бол Дэлхийн хөгжим.”
“Сонсож байна, Дэлхийн хөгжим.”
“Мэдээж. Бах. Ер бусын. Чамд таалагдахгүй байна уу?”
“Би бодохдоо… Надад таалагдаж байна. Чи бас үүнд дуртай юу?”
“Тэгэлгүй яахав. Дургүй байсан бол сансрын хөлөг дээр энэ зүйл байхгүй байхсан.”
“Бидэнтэй холбоотой бүх зүйл харь гарагийнхны хувьд “дорой буурай” гэж бодлоо.”
“Үгүй ээ.” Тэр хяналтын самбарын өөр нэг товчлуурыг нударлаа.
“…улс орнууд байхгүй гэж төсөөлөөд үз.
Үүнийг хийхэд хэцүү биш…”
“Гэхдээ энэ чинь Жон Леннон… “Битлз” хамтлаг!
Харь гарагийхны хувьд Дэлхий дээр ямар ч сайн зүйл байхгүй гэж бодож эхэлсэн надад энэ нь намайг ихээхэн гайхашрууллаа.
“Жим, хөгжим сайн бол энэ нь орчлон даяар сайхан. Дэлхийн сайн хөгжмийн цомгууд хэд хэдэн галактик дээр байгаа, өөр ертөнцийн, өөр эрний хөгжимтэй адил. Бусад урлаг адилхан. Танай гараг дээр бүтээгдсэн бүх сайн сайхан юмны бичлэг, кинонуудыг бид хадгалдаг…Сайн урлаг бол хайрын хэл, харин хайр нь орчлонгийн төрх байдал юм.
“Бүх хүмүүс амгалан амьдарч байна гэж төсөөл дөө…”
Ами нүдээ аниад, нот бүрийг алдалгүй сонсож байв. Жон Ленноныг дуулж дуусахад бид эцэстээ өөр ертөнцөд хүрч ирлээ.
Зохиолч Эндрью Барриос
Орчуулсан: Би Де Ченж, Khandsuren Lkhamsuren, Suvd Pearl, Anu Tara
Модны Чи эрчмээр хэрхэн анагаах тухай
Сүнслэг зөвлөхүүд ба сахиусан тэнгэрүүд
Арктур-2020 оны сэтгэл хөдөлгөм цаг үеүүд, Эрх чөлөөгүй байдлаас хэрхэн чөлөөлөгдөх тухай